Байгууллагын түүхэн замнал

   ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

    ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ ТҮҮХЧИЛСЭН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар зохион байгуулж, хууль ёс, сахилга дэг журам, ил тод байдлыг дээдлэн, хуульч ажиллагаа, соёлч харилцааг эрхэмлэн хүнд сурталгүй шуурхай ажиллах зарчимыг баримтална.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН

БАЙГУУЛАГДСАН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

Ардын хувьсгал ялснаас эхлээд 21 дүгээр зуунтай золгох үеийн хорих ял эдлүүлэх болон иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага нь ямар нэр, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалттай байсан болон байгууллагын удирдлага, үйл ажиллагааны талаар өгүүлье.

Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялж Ардын Намын төв хороо, түр Засгийн газрын хамтарсан хурал 1921 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнээ болж Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад дотоод, гадаад, ерөнхий гэсэн гурван хэлтэстэйгээр Шүүх яамдыг байгуулсан.

Энэ яамны ерөнхий хэлтсийн харъяанд “Гяндан салаа”-г байгуулснаар одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны эх үүсвэр тавигджээ.

1921 онд байгуулагдсан гяндан салааг хожмоо Улсын засан сайжруулах газар, 1936 онд Төв засан сайжруулах газар болгож, ялтныг харж хамгаалах албаны хүнийг харгалзагч хэмээн нэрлэх болж, ДЯЯ-нд шилжүүлсэн байна.Ял эдлэгсдийн жилийн дундаж 7000 болж өссөн учир Төв засан сайжруулах газрыг 1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газар болгож өргөтгөжээ.

Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газар нь дотроо гүйцэтгэх алба, улс төр-хүмүүжил, үйлдвэр-төлөвлөгөө, санхүүгийн хэлтсүүд болон аймгууд дахь хорих анги, албадууд харъяалагддаг болсон.

Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь анх Тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэсэн нэртэйгээр Ардын хэсгийн шүүхийн харъяанд ажиллаж байгаад 1990-1992 он хүртэл Хуулийн хэлтсийн харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

 1992-1996 он хүртэл Шүүхийн тамгын хэлтэст харъяалагдаж байсан ба Монгол Улсын Их хуралаас 1994 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тухай хууль” 1996 онд “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль”-ийг батлан гаргаснаар Монгол улсын засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 299-р тогтоолоор Улсын дээд шүүхийн тамгын газрын шийдвэр гүйцэтгэлийн хянан байцаах хэлтсийг хорих байгууллагуудын удирдах газарт нэгтгэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгож өргөтгөж зохион байгуулсанаар аймгийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг болон байгуулагдаж тасгийн дарга 1, шийдвэр гүйцэтгэгч 5, ня-бо, нарийн бичгийн дарга, жолооч гэсэн орон тоотойгоор 2002 оны 09 дүгээр сарын 01 хүртэл ажиллаж ирсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2002 оноос Удирдлага аж ахуй, шийдвэр гүйцэтгэл, цагдан хорих байр гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа Албаны дарга 1, нягтлан бодогч 1, ахлах шийдвэр гүйцэтгэгч 1, шийдвэр гүйцэтгэгчээр 5, нярав 1, бичээч, бичиг хэрэг 1, эмч 1, хянагч 4, жолооч 1, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй тулгын чулуугаа тулж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг шинэчлэн найруулж /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/-ийг батлан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болгон өөрчилж аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийг алба болгон өөрчилсөн билээ.

Шүүхийн шйдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан гаргаснаар Хууль Зүй Дотоод Хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрээр 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн тасгийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгож шинээр байгуулж Засгийн газрын 155 дугаар тогтоолоор Цагдаагийн газраас Цагдан хорих байрыг тус албанд шилжүүлсэн.

Цагдан хорих байр нь 1986 онд баригдаж ашиглалтанд орсон. Цагдаагийн газрын подвалд байрлах ба 10 тасалгаа бүхий хорих өрөөтэй 95.1 м куб талбайтай, цэвэр, бохир болон дулааны шугамын төвлөрсөн шугамд холбогдсон зориулалтын зураг, проектроор баригдсан байранд цагдан хорих үйл ажиллагааг явуулж байсан.

Тус албаны конторын барилга нь улсын төвлөрсөн төсвөөс 2006 онд баригдаж ашиглалтанд орсон ба барилгын гал тэсвэржилтийн нэгдүгээр зэрэгтэй, тоосгон хоёр давхар барилгад үйл ажиллагаа явуулж байна.

Тус алба нь аймгийн Засаг даргын тамгын газраас 50 000 000 төгрөгийн санхүүжилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 178 670 700 төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт төвлөрүүлэн авч зарцуулан нийт 228 670 700 төгрөгийн зардалтайгаар 50 хүний багтаамжтай цагдан хорих байр нь баригдаж дууссан.

Уг барилга нь 1 давхартаа 18 камертай, урт коридор бүхий талбайтай, халуун усны өрөө, сахилгын өрөө, ялтны эргэлт уулзалтын өрөө, ээлжийн дарга, хянагч болон эмчийн өрөө, төлөөлөгчийн өрөө, мөн нарлагааны талбайтай.Подволдоо 10 машины граж, 2 складын зориулалттай өрөө, гал тогоо болон зооны ялтны амралтын өрөө бүхий зориулалттай баригдсан. Цагдан хорих байр нь нийт 52 хүний багтаамжтай 576м2 бүхий талбайтай болно.

Тус алба нь 50 хоригдогчийн багтаамжтай олон улсын жишигт нийцэхүйц шинэ цагдан хорих байрыг 2011 оны 04 сарын 13-ны өдөр барьж эхлээд 2011 оны 12 сарын 29-ний өдөр ашиглалтанд орсоноор хоригдогсдын ахуй нөхцөл сайжирч, олон улсын жишигт хүрэх анхны алхамыг тавих ажлын гараагаа эхэлсэн болно.

БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН

ӨӨРЧЛӨЛТИЙН ЖАГСААЛТ

Дээд байгууллагын шийдвэр, огноо Нэрийн өөрчлөлт
1 1987-1990 он хүртэл Тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэсэн нэртэйгээр Ардын хэсгийн шүүхийн харъяанд
2 1990-1992 он хүртэл Хуулийн хэлтсийн харъяанд
3 1992-1996 он хүртэл Шүүхийн тамгын хэлтсийн харъяанд
4 Монгол Улсын Засгийн Газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 299 тоот тогтоолоор Шийдвэр гүйцэтгэлийн тасаг
5

 

6

2002 -2017 онд Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 дугаар тогтоолоор 

2017-09-15-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 204 тоот тогтоолоор 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар