Байгууллагын товч түүх

         ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь анх Сайд нарын зөвлөлийн 1937.08.06-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Мал тариалангийн яамны харъяа Хараагийн тариалангийн аж ахуйг ДЯЯ-ны мэдэлд шилжүүлж, Засан сайжруулах газрын хоригдол ажиллуулах лагерь байгуулахаар тогтсоноос үүсэлтэй ажээ.

 

        Анхны даргаар хошууч Ө.Чулуун, орлогч даргаар нь хичээнгүй цолтой Ш.Дамдин нар ажиллаж байжээ. Эхний үед тус лагерьт тагнуулын хэрэгтэн өвөр Монгол, хувьсгалын эсэргүү хэрэгтэн лам хуварга зэрэг 10-25 жилийн ялтай 800 гаруй хүн хоригдож байсан байна. Тус байгууллага нь Хараагийн сав нутагт газар тариалан, шувууны аж ахуй, мод бэлтгэлийн ажил эрхлэн спирт үйлдвэрлэж, Бороод алт олборлож байсан түүхэн баримт олон байдаг.

        1940 оноос лагерь өргөжин ажлын цар хүрээ, далайц нэмэгдэн газар тариалан, гахай, шувуу үржүүлэх, эх орны дайны жилүүдэд цэргийн агт морьдын тэжээл бэлтгэх, эмээл хазаар хийх, гурил үйлдвэрлэн талх хийж, цэргийн хоол хүнсийг бэлтгэж байсан байна. Хараа голын нугасан тохойд Зөвлөлтийн мэргэжилтэн Гельзев, Феодров нарын туслалцаатай усан тээрэм байгуулан анхны даргаар дэслэгч цолтой Лувсангомбо 40 гаруй хоригдлыг удирдан 800-гаад хоригдлын хэрэгцээт гурил, талх хийж байв. Тэд үүргээр ч зогсохгүй дайны хүнд үед цэргийн хоол хүнсэнд гурил нийлүүлж байснаас үзэхэд хоригдлын хүчийг нийгмийн тустай үйлд ашиглах, тэднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажил тус лагерьт өрнөжээ. БНМАУ-ын СНЗ-ийн 1954 оны 112 дугаар тогтоолоор Хараа лагерийн мал аж ахуй газар тариаланг мал аж ахуйн яаманд хүнсний болон эдэлхүүний жижиг аж ахуйг Хүнсний үйлдвэрийн яаманд шилжүүлж лагерийн байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчилжээ.

        1954 онд Бороод колони байгуулан алт олдворлож, Ерөө, Бугантанд мод бэлтгэж, хоригдлуудыг гэрээгээр ажиллуулж, Зүүнхараагийн Балж үдлэгт мод бэлтгэн зам засварлах ажил хийж байсан юм. Түүнчлэн 1956 онд Түнхэлд мод бэлтгэх 2 дугаар лагерийг салбар болгон байгуулж, Улаанбаатар хотын түлээний аж ахуй, цэрэг нийгмийн аюулаас хамгаалах яамны аж ахуйн түлшний мод нийлүүлж байв. БНМАУ-ын СНЗ-ийн 1957 оны 447 дугаар тогтоолоор хоригдол хүмүүстэй ажиллах албан хаагчдын орон тооны норматив, үйлдвэрийн төлөвлөгөөг тогтоосонтой холбогдуулан жилийн 365 хоногт хоригдлын хүчийг 90%-иар ашиглахаар хэсгийн зохион байгуулалтанд оруулсантай холбогдуулж тус лагерьт хэсгийн зохион байгулалтаар мод бэлтгэж эхэлсэн байдаг.

          1980 онд ЗХБУГ-ын Зүүнхараа дахь ЗХХ Колони болон өргөжиж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор Бэрлэг дэхь ЗХХ Колонийг байгуулж түүхий эд, материалаар хангах, Дарьт дахь Ой үржүүлэх ангийг татан буулгаж тус колонид нийлүүлсэн нь үр дүнгээ өгч дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, Зөвлөлт Казакстаны Алма-Ата, Карганда, Чемкент, Антюбинск, Чайкурк, Баку, Казыкур зэрэг хотуудад жилдээ 35-60 мянган шоо метр зүсмэл нийлүүлж, Гадаад Яамны Монгол Экспорт нэгдлээс шагнуулж байсан арвин их түүхтэй анги билээ.

Back to top button